2009/08/20

Монголд мэдээлэл технологийн салбар хөгжих нь үү

Бидний дунд тэр тусмаа олон зүйл нуршиж, чих чилээдэг хүмүүсийн дунд IT гэсэн салбарыг яриандаа дурддаг хүн цөөхөн. Тэр ч бүү хэл статистикийн тооллогод мэдээлэл технологийн байгууллагуудыг зүгээр л "тээвэр, агуулахын аж ахуй, холбоо" салбарт оруулан тоолдог юм гэсэн. Арай ч дээ. Монголд мэдээлэл ийм хомс, ийм бүдүүлэг хэвээрээ байхад яаж мэдээлэл технологи гээд бахтай нь аргагүй ярьж явж чадаж байна аа. Мэдээлэл, энэхүү мэдээллийг технологийн дэвшлийг ашиглан хэрхэн үйлдвэрлэл, үйлчилгээтэй зэрэгцэхүйц хэмжээний хөрөнгө болгон хувиргах тал дээр л энэ зүйлийг ярьж эхлэх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын мэдээлэл технологи гэсэн асар том салбарын талаар ямар нэгэн яриа эхлэхэд хамгийн түрүүнд үүрэн телефоны хэдэн операторуудын талаар л дурдаж байгаа сонсогддог. Тэд л Монголын мэдээлэл технологийн хөгжлийг тодорхойлж байдаг юм шиг. За тэгвэл энэ асуудал яах вэ ингэсхийгээд явж л байдаг юм байгаа биз, яаж ийгээд хөгжих л юм байгаа биз гэж бодох гэтэл болохгүй нь ээ.

Саяхан G-mobile гэх хамгийн бага дүүгээ шинэчлэл хийх гэлээ гэж 3-н ах (үүрэн телефоны операторууд болох Mobicom, Unitel, Skytel компаниуд) нь шүүмжилж, зодоод, бараг алах шахжээ. Нөгөө долоон бор оготно гэдэг үлгэр шиг. Бид тэр үлгэрийг уншуулчихаад, унтах гэж байхдаа "ямар харамсалтай юм бэ? би л лав ах нь байсан бол дүүгээ зодохгүй байсан даа" гэж бодож байсан цаг саяхансан. Гэтэл тэр үлгэрийг сонсож байгаагүй юм шиг, тэр үлгэр юу хэлээд байсныг ойлгоогүй юм шиг та бид ингэж болно гэж үү. Дүү нь болох G-mobile нь өөрийн хэрэглэгчдээ бусад операторуудын утас руу дуудлага хийх үнийг нь чөлөөлсөн юм байх. Харин бусад нь үүнийг үл хүлээн зөвшөөрсөн гэнэ. Үл зөвшөөрөх зөвшөөрөхдөө бүр "энэ үйл ажиллагаа хууль бус" хэмээсэн гэнэ. Хэ хэ. Яахаараа хууль бус байдаг билээ. Хууль та арай "долоон бор оготно"-ын үлгэрээс хойш ерөөсөө шинэчлэгдэж сайжраагүй байгаа юм биш биз дээ. Эсвэл "шүүгч хулгана" та тэтгэвэртээ гараагүй байгаа юм уу, бүр үгүй бол 3-н ах нь аль эрт тэтгэвэртээ гарсан "шүүгч хулгана"-ыг механикжуулчихаад (авилгал) баадууг нь чангалаад тавьчихсан юм биш биз дээ.
Зөвхөн Монголд л үүрэн телефоны операторууд нь хүмүүсийнхээ амьдралд ийм ойр, хүмүүсийг хүссэнээрээ хөдөлгөдөг, хүмүүийн соёлыг хянадаг болж байгаа юм байх аа. Харин гадаадад ийм зүйл огтоос огт байхгүй. Хүмүүс нь бүр ямар оператор компаний утас барьж байгаагаа ч мэдэхгүй. Тэгэх ч шаардлага байхгүй. Тэд дэндүү төгс өрсөлдөөнт зах зээл дээр өрсөлддөг. Хамгийн хямд, хамгийн их зардал хэмнэсэн рүү нь л шуурдаг. Гэтэл манайд яаж байна вэ. Телевизээр энэ хэдэн операторуудынх нь рекламууд гарахгүй байна гэж байхгүй. Тэд яагаад ингэж их реклам явуулаад байгааг мэдэж байна уу. Тэд энэ хэмжээний ашгийг төвөггүй олдог. Цаашдаа яаж ард түмнээ дахиж шулахаа тооцоолохоор мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулдаг.

G-mobile-д боломж байгаа юм байна гэдгийг бид мэдлээ. Илүү дэвшилтэт технологитой учраас зардлыг тэд ингэж хэмнэж чадаж байгаа байж мэднэ. Ийм зүйл байж болдогийг Монголчууд мэдрүүлсэн G-mobile танд www.sezon.mn-ийнхон баярлаж байна. Таныг бас дэмжиж байна. Хэрвээ G-mobile та үйлдлээ зөв гэж үзэж байгаа л бол үнэний төлөө, цаашлаад шударга зүйлийн төлөө, цаашлаад сайн сайхны төлөө, бүр цаашлаад эх орныхоо төлөө өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, байр сууриа бат хамгаалан зогсохыг хүсч байна!!!

Хэрвээ интернетийг үнэгүй биш юм аа гэхэд, хүмүүсийнхээ орлогод ойролцоо түвшний өртөг тогтоогоод зах зээл дээр орж ирвэл, тэрхүү ISP таныг бид хэзээд дэмжих болно.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа