2009/08/09

Facebook-ийн тоглоом хөгжүүлэгч Zynga 72 сая хэрэглэгчтэй болжээ.


Өнөөдөр монгол дахь сайтууд маань хандалтаа нэмэгдүүлэхээр янз бүрийн л арга хэрэглэж хоорондоо өрсөлдсөөр байгаа билээ. Тэгвэл би өнөөдөр энэ аргад нь бас нэгэн санаа өгөх гэж байна.

Та бүхэн Facebook-ийг сайн мэдэх байх аа. Social Network гэж олон нийтэд зориулсан сайтын салбарт тэргүүлэгч компаний нэг. Тэдний хэрэглэгч мэдээж хэдэн зуун саяар хэмжигдэнэ. Тэгвэл тэр сайттай хамтран ажилладаг Zynga компани нь 2хон долоо хоногийн дотор 12 сая хэрэглэгч эгнээндээ нэгтгэж нэг сард хандаж байгаа байнгын хэрэглэгчдийн тоо нь 72 саяд хүрчээ. Энэ бол галзуурмаар тоо. Тэдний жилийн орлого 100 сая долларт хүрчээ. Мөн тэдний мэдэгдэж байгаагаар хэрэглэгчдийнхээ тоог сард 50 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дээрээс нь орлогоо 500 саяд хүргэх шинэ шинэ санаануудыг бодож ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Facebook-д тоглоом хөгжүүлдэг 2 дахь том компани бол Playfish. Тэдний сарын байнгын хандалт нь Zynga-аас 2 дахин бага буюу 35 сая байсан гэж Facebook-ийн хамт олон мэдэгджээ.

Тэгэхээр би ямар санаа хэлэх гээд байна вэ гэвэл сайт нь өөрөө сайн байхаас гадна бусад салбарынхаа мэргэжилтнүүдтэйгээ хамтран сайн ажиллавал байнгын хэрэглэгчдээ байнга барьж чадах юм. Facebook-ийн хэрэглэгчдээсээ авсан санал асуулгын үр дүнгээр бол 30 хувь нь найз нөхөдтэйгээ харилцах гэж бус тоглоомондоо амжилт гаргах гэж найз нөхөд олныг нэмдэг гэсэн байна. Тэгэхээр үргэлж ганцаараа зүтгэж байдаг зарим хүмүүс маань бусадтай хамтран ажиллаж тэдний санааг вэбдээ тусгаснаар цаг хугацаагаа хэмнэхээс гадна нэг мэдэхэд л байнгын хэрэглэгч маш олонтой болж болох юм шүү!